Улсын чанартай тэтгэлэг

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ

Монгол улсын дээд боловсролын сургалтын аттестатчилагдсан байгууллагын өдрийн ангид хичээлийн жилийн нэг улиралд 12-оос доошгүй багц цагийн хичээл судалж буй дараах суралцагчид сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгоно.

  • Бүтэн өнчин суралцагч
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсвэл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч
  • Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч
  • Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд нэг суралцагч
  • Цаатан өрхийн бакалаврын хөтөлбөрт суралцагч

 

Бүрдүүлэх материал:

  • Өргөдөл
  • Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхний лавлагаа
  • Төрсний гэрчилгээний лавлагаа
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбар
  • Эрх бүхий этгээдийн баталгаажуулсан холбогдох баримт бичиг, тодорхойлолт (Засаг даргийн тамгийн газрын тодорхойлолт)
  • Суралцах эрхийн бичгийн хуулбар
  • Бүтэн өнчин суралцагчийн хувьд эцэг, эхийн нас барсны лавлагаа 
  • Суралцагч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй эсвэл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй,  хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн суралцагчийн хувьд  хөдөлмөр чадвар алдалтын хувь,  хугацаа тогтоосон актын хуулбар ( нотариатаар баталгаажуулна)
  • 3 ба түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж  байгааг нотлох  сургуулийн тодорхойлолт, төрсний лавлагаа,  сургалтын төлбөр төлсөн  баримт 

Хугацаа: Оюутны вэбийн мэдээллийн хэсэгт материал хүлээж авах хугацаа нь  тухай бүрд зарлагдана.

Хоёр дахь удаагаа бакалаврын хөтөлбөрт  хамрагдаж байгаа  суралцагчид хамаарахгүй.  

 

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ

Хүүгүй, Урт хугацаатай, Барьцаагүй, Хамтран зээлдэгчгүй, Банкаар дамжихгүй, Сургуулиар дамжин олгогддог энэ зээлд Улаанбаатар эрдэм их сургуулийн хүсэлт гаргасан оюутан бүр хамрагддаг. Та сургуулиа төгсөөд 6 хүртэлх жилийн хугацаанд авсан зээлээ буцаан төлөх боломжтой.

Тэтгэлэгт тавигдах шаардлага:

  • Голч дүн 2,8-аас дээш байх
  • Магадлан итгэмжлэгдэн их, дээд сургуульд зохих журмын дагуу элссэн байх

Бүрдүүлэх материал:

  • Оюутны хөгжлийн зээл хүсэгчийн өргөдлийн анкет
  • Иргэний үнэмлэхний лавлагаа
  • Ирээдүйн зорилгоо тодорхойлсон эссэ бичлэг
  • Цээж зураг - 1ш
  • Өмнөх  улирлын голч дүнгийн тодорхойлолт
  • Дараа улирлын  суралцах хичээлийн жагсаалт 
  • ЭЕШ-ын батламжны хуулбар (анх элсэгчийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 650 дээш байх)

Өмнө нь зээл авч байсан оюутнууд дахин авах хүсэлтэй бол: 

  • Оюутны хөгжлийн зээл хүсэгчийн өргөдлийн анкет
  • Өмнөх  улирлын голч дүнгийн тодорхойлолт
  • Дараа улирлын  суралцах хичээлийн жагсаалт 

Хугацаа: Оюутны вэбийн мэдээллийн хэсэгт материал хүлээж авах хугацаа нь  тухай бүрд зарлагдана.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БОЛОН  ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ

Онцлог: Онцгой авьяас, чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилгоор сурлага, спорт, урлагийн онцгой амжилт гаргасан дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд суралцагч нарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгодог.

Тэтгэлэг: Жил бүр тэтгэлгийн болзол хангасан 30 хүртэлх суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын үсэг бүхий өргөмжлөл, мөнгөн шагнал болох 1.200.000 төгрөг, 40 хүртэлх суралцагчид Монгол Улсын Ерөнхий сайдын гарын үсэг бүхий өргөмжлөл, мөнгөн шагнал болох 1.000.000 төгрөг олгодог.

Хугацаа: Тэтгэлэгт нэр дэвшигчийн бичиг, баримтыг жил бүрийн 4 ба 11 дүгээр сарын 15-ны дотор сургуулийн оюутны холбоо нь шалгаруулж, болзол хангасан оюутнуудын материалыг Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ.

Тэтгэлэгт тавигдах шаардлага:

  • Голч дүн 3-аас доошгүй байх
  • Техник, технологийн чиглэлээр зохион байгуулагдсан дэлхий, тив болон олон улсын уралдаан, тэмцээнд эхний гурван байрын аль нэгийг эзэлсэн
  • Дэлхийн оюутны спортын их наадам, Дэлхийн болон тивийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд тус тус эхний гурван байрын аль нэгийг эзэлсэн, Монголын Оюутны спортын их наадам, Монголын Оюутны аварга шалгаруулах тэмцээнд тус тус тэргүүн байр эзэлсэн.
  • Сургуулиудийн нэгдсэн эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж, эхний гурван байрын аль нэгийг эзэлсэн оюутан, мэргэжлийн сэтгүүлд хоёроос доошгүй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн, олон улсын эрдэм шинжилгээний хуралд шалгарч илтгэл тавьсан, улс орны хөгжилд үр нөлөө үзүүлэхүйц судалгаа шинжилгээний бүтээл туурвисан магистрант, докторант;
  • Олон улсын хэмжээний мэргэжлийн соёл урлагийн уралдаан, наадамд эхний гурван байрын аль нэгийг эзэлсэн, улсын хэмжээний мэргэжлийн соёл, урлагийн их наадам, уралдаан, тэмцээнд тэргүүн байр эзэлсэн суралцагч.

Бүрдүүлэх материал болон дэлгэрэнгүй мэдээллийг: www.president.mn-ээс хараарай. 

 

ЗОРИГ САНГИЙН ТЭТГЭЛЭГ

Онцлог: Зориг сан олон улсын томоохон байгууллагуудтай хамтран жил бүр дотоодын тэтгэлэгт хөтөлбөр зарладаг бөгөөд 2001 оноос хойш нийтдээ 2300 гаруй оюутанд тэтгэлэг олгожээ.

Хугацаа: Жил бүрийн 9-р сард зарлагддаг

Утас: 315444

Тэтгэлэг: Сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог (Ойролцоогоор 1.2 сая төгрөг).

Шаардлага:

  • Дотоодын их, дээд сургуулийн үндсэн ангид диплом   бакалавр зэргээр 2 буюу түүнээс дээш дамжаанд  суралцаж буй оюутан
  • Сурлагын голч дүн 3.2 ба түүнээс дээш бйх
  • Оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог
  • Бусад эх үүсвэрээс тэтгэлэг, тэтгэмжид хамрагдаагүй байх. (Үүнд Үндэсний тэтгэлэг хамаарахгүй.)

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.zorigfoundation. org болон Zorig Foundation (www.facebook.com/ zorigfoundation) фэйсбүүк хуудаснаас аваарай.

 

ХААН БАНКНЫ ТЭТГЭЛЭГ

Онцлог:   Ерөнхий   боловсролын   сургуулийн    12-р ангийн төгсөгч, Их дээд сургуульд элсэн суралцах шинэ оюутнуудад тэтгэлэг олгодог. 2007 оноос хойш 11 дэх жилдээ хэрэгжиж байна.

Тэтгэлэг: Төгсөх ангийн 70-100 сурагч тэтгэлэг авдаг.

Хугацаа: Жил бүрийн 4-р сард зарлагддаг. Материалыг Монгол орны ХААН Банкны бүх салбараар хүлээж авдаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.khanbank.com 

 

ГОЛОМТ БАНКНЫ ТЭТГЭЛЭГ

Онцлог: Жил бүр 100 оюутанд тэтгэлэг олгодог.

Хугацаа: 9-р сард зарлаад 11-р сард дүнгээ гаргадаг. Тиймээс хичээлийн шинэ жил эхэлмэгц Голомт банкны вэбсайт руу нэвтэрч тэтгэлгийн талаарх мэдээлэл тавигдсан эсэхийг шалгаж байгаарай.

Тэтгэлэг: 10 сарын турш тэтгэлэг олгодог.

Шаардлага:

  • Бакалаврын зэрэг олгох өдрийн хөтөлбөр бүхий магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд 3 буюу түүнээс дээш дамжаанд суралцдаг байх. Жич: 5-6 жил суралцаж төгсдөг сургууль бол 4 болон түүнээс дээш
  • Сурлагын үнэлгээний голч дүн 3.5 ба түүнээс дээш эсвэл голч оноо 92% ба түүнээс дээш байх
  • Оюутан байх хугацаандаа нийгэм, олон нийтийн ажилд идэвхтэй оролцсон, нийгмийн идэвх сайтай, судалгаа шинжилгээ болон мэргэжлийн чиглэлийн тэмцээн, уралдаан, илтгэл, эрдэм шинжилгээний хурал зэрэгт идэвхтэй оролцож, амжилт гаргасан байх
  • Одоо суралцаж буй сургуульдаа тогтвортой суралцах.
  • Англи хэл эсвэл аль нэг гадаад хэлийг дундаас дээш түвшинд эзэмшсэн байх (Хэрэв түвшин тогтоох шалгалт өгч түүгээр баталгаажсан бол давуу тал болдог.)

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.golomtbank.com

 

ПИТЕР МОРРОУГИЙН НЭРЭМЖИТ “ХАС БАНКНЫ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”

Онцлог: Монгол Улсын магадлан   итгэмжлэгдсэн   их, дээд сургуулийн банк, санхүү, эдийн засгийн чиглэлээр суралцаж буй 3, 4-р дамжааны сурлагын амжилтаар болон Нийгэм, олон нийтийн ажил, урлаг спортын тэмцээнд идэвхтэй оролцдог оюутнуудаас шалгаруулж шилдэг 3 оюутанд 1 жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог.

Хугацаа: Жил бүрийн 12-р сард зарлагддаг.

Утас: ХасБанкны лавлах 1800-1888 (энгийн утасны тарифаар), Төв банкны 7577-1888 (дотуур утас 804)

Тэтгэлэг: 1 жилийн сургалтын төлбөр

Тавигдах шаардлага: 

  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн банк, санхүү, эдийн засгийн чиглэлээр суралцаж буй 3, 4 дүгээр дамжааны оюутан байх;
  • Сурлагын амжилтаар тэргүүлэгч байх /сурлагын голч дүн
  • 3,5 буюу түүнээс дээш/;
  • Нийгэм, олон нийтийн ажил, урлаг спортын тэмцээн болон бусад арга хэмжээнд идэвхтэй оролцдог байх;
  • Санхүүгийн боломжоор хязгаарлагдмал;
  • Оюутны эрдэм шинжилгээний хурал, илтгэл, уралдаан тэмцээнд амжилттай оролцсон бол давуу тал болдог.

Сонгон шалгаруулалт: Гурван шаттай. Эхний шатанд тэнцсэн оюутнууд хоёрдугаар шатанд илтгэл тавьдаг. Сэдэв нь ихэнхдээ банк санхүүгийн чиглэлээр. Ингээд эцсийн шатанд ярилцлага авдаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.xacbank.mn

 

JCI МОНГОЛ ИРЭЭДҮЙ ТӨСЛИЙН ТЭТГЭЛЭГ

Онцлог: JCI Монгол байгууллага: Чанартай боловсролыг дэмжих зорилгын хүрээнд сурагчийн ширээнээс их дээд сургуульд элсэн, оюутны амьдралд хөл тавин орж буй хүүхэд, өсвөр үеийнхэнд дэмжлэг үзүүлэхээр энэхүү төслийг шинээр эхлүүлээд байгаа аж.

Тэтгэлэг: Тухайн сургуулийн 1-2-р дамжааны сургалтын төлбөр байна. Нийт 5 оюутанд тэтгэлэг олгоно.

Хугацаа: 9-р сард зарлагддаг.

Бүрдүүлэх материал:

  1. Тухайн их дээд сургуульд тэнцсэнийг батлах бичиг    баримт, хуулбарын хамт
  2. 1 дүгээр дамжааны төлбөрийн хэмжээ
  3. 12-р анги төгссөн гэрчилгээний хуулбар
  4. Тэтгэлэгт хамрагдах шалтгаанаа тайлбарласан хүсэлт / word file/
  5. Тухайн сургууль болон мэргэжлээ сонгосон шалтгаан, суралцах төлөвлөгөө, өөрийн давуу тал, амжилтыг илэрхийлсэн эссэ 300 үгэнд багтаан бичнэ. /word file/

Цаашдын дэмжлэг: Энэхүү тэтгэлэгт хамрагдан 2 дугаар дамжаагаа амжилттай төгссөн оюутанд 3 болон 4 дүгээр дамжааны сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлэх зорилгоор улирлын амралт, зуны амралт, дадлагын хугацаанд JCI Монгол байгууллагын гишүүдийн компани, аж ахуйн нэгжид цалинтай дадлага хийх боломж олгоно.

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.jcimongolia.mn

 

ОЮУ ТОЛГОЙН ТЭТГЭЛЭГ

Онцлог: “Оюу Толгой” ХХК оюутан залуусыг дэмжих зорилгоор дотоодын их, дээд сургуульд суралцах тэтгэлэгт хөтөлбөрийг 2010 оноос хойш амжилттай хэрэгжүүлээд байна.

Тэтгэлэг:

  • Жилийн сургалтын төлбөр.
  • Сар бүр 200,000 төгрөгийн тэтгэлэг.
  • Хөдөө орон нутгийн оюутнуудын дотуур байрны төлбөр.
  • “Оюу Толгой” ХХК-иас зохион байгуулах хөгжлийн сургалтуудад хамрагдах боломж.
  • Cонгогдсон оюутнууд “Оюу Толгой” ХХК-д дадлага хийх боломж.

Шалгуур:

  • Монгол Улсын иргэн байх.
  • Дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн өдрийн ангийн 2, 3, 4 дүгээр дамжааны оюутан байх.
  • Уул уурхай, металлурги, баяжуулалт, механик, цахилгаан болон барилгын инженер, геологи, геодези, хими, орчин ба хөдөлмөрийн эрүүл мэнд, байгаль орчны чиглэлээр суралцаж байх.
  • Сурлагын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх (4.0 хүртэлх томьёоллоор).
  • Бусад сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх.

Хугацаа: 9-р сард зарлагддаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.ot.mn

Замын зардлаа буцаан авах

Оршин суугаа газраасаа 500 километр болон түүнээс хол байршилтай их, дээд сургууль, коллежид зохих журмын дагуу элссэн оюутны өвлийн амралтаар орон нутаг руугаа явсан, ирсэн 2 талын зардлыг холбогдох баримтыг нь үндэслэн авто тээврийн хэрэгслийн тарифаар тооцож Боловсролын зээлийн сангаас нөхөн олгодог.

Авто тээврийн хэрэгслээр зорчсон бол тасалбар, цахим үнэмлэхний хуулбар, өргөдөл, онгоцоор зорчсон бол тийз борлуулдаг компаниас зорчсон эсэх лавлагаа, өөрийн эзэмшдэг дансны дугаарын хамт ангийн даргад нэгтгэн Хичээлийн I байрны 101 тоот өрөөн дэх Санхүүгийн албаны ажилтанд хүлээлгэн өгнө. Буцаан олголтыг оюутан сургалтын төлбөр бүрэн төлсөн бол өөрийн дансанд шууд шилжүүлэх, дутуу бол сургалтын төлбөрт суутгана. (Боловсролын зээлийн сангийн тогтоосон хугацаанд)