РЕКТОРЫН МЭНДЧИЛГЭЭ
Дэлхий дахинд глобалчлал гүнзгийрч улс орны хөгжил эрчимжиж байгаа өнөө үед Монгол Улсын хөгжил боловсролын салбараас бэлтгэн гаргаж байгаа мэргэжилтнүүдийн чанар, өрсөлдөх чадвараас шууд хамаарах болж байгаа нь жилээс жилд улам тодорхой болж байна. Манай сургуулийн зорилго нь өөрийн онцлогийг харгалзан Монголдоо төдийгүй олон улсын хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэдлэг чадвартай төгсөгчдийг бэлтгэн гаргах нөгөө талаар их, дээд сургуульд судалгаа, сургалтын уялдаа холбоог хангах, Шинжлэх ухаан технологийн бодлого төсөл, хөтөлбөр, судлаач бэлтгэхийн нэгдсэн бодлогыг эрдэмтэн профессор, багш, докторант, магистр, бакалаврын зэрэг горилсон оюутны хамтын менежментээр хэрэгжүүлэх зорилт тавин ажилладаг. Бид боловсролын чанар, өрсөлдөх чадварыг сайжруулахад эрдэмтэй чадварлаг багш, шинжлэх ухаанжсан агуулга сайтай хөтөлбөр, ажиллаж суралцаж амьдрах тав тухай материаллаг орчин, ёс зүйтэй эрдэм, ажилд шимтсэн оюутан сурагчид энэ бүгдийн нэгдэл хамгийн өндөр үр дүн өгөхүйц менежмент гол үүрэгтэй гэж үзэж тус сургуулийн 26 жилийн хөгжлийг чиглүүлж ирлээ. Өнөөдөр тус сургуулийн багш нарын 40 гаруй хувь нь эрдмийн зэрэгтэй улс нийгмийн амьдралд хувь нэмрээ оруулсан буюу оруулж байгаа шилдэг ардын болон гавьяат цолтнууд эрдэмтэн профессорууд байгаагаас гадна эрч хүчтэй өсөн дэвжиж байгаа залуу дунд үеийнхнээс манай эвсэг хамт олон бүрдэж байна.
Тус сургууль нь бэлтгэн гаргаж байгаа сургалтын хөтөлбөрүүдээ Монгол Улсын тэргүүлэх их сургуулиудын агуулга стандартын түвшинд хүргэж хөгжүүлж ирсний хамт сургуулийн хүний нөөц, материаллаг болон санхүүгийн таатай орчин нөхцөлүүдийг бүрдүүлж чадсан учир 2012 оноос Их сургуулийн статусаар ажиллах боллоо. Манай эрдэмтэн багш, докторант, магистрант оюутнуудын хүчээр олон улс, Засгийн газар, бизнесийн болон олон нийтийн байгууллагын захиалгат олон төслүүд хийж гүйцэтгэсний зармынх нь үр дүн эдийн засгийн эргэлтэд орж материаллаг баялаг болохын зэрэгцээ сургалтад материал болон ашиглаж байна. Бид шинжлэх ухаан, инновац, сургалт үйлдвэрлэлийн зөв менежмент, давшигүй хөгжлөөр Монгол Улсын тэргүүлэх сургуулиудын түвшинд хүрэх стратегитай ажиллаж байгаа бөгөөд манай сургуулийг зорьсон та бүхэнд бид чанартай өрсөлдөх, хөрвөх, чадвартай боловсрол эзэмшүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна.